Голомт банк Тогтвортой хөгжлийн стратеги, хариуцлагатай банкны зарчмуудын хүрээнд баримталж буй бодлого болон Байгаль орчин, Нийгэм, Засаглалын хүрээнд хэрэгжүүлж буй сайн туршлагуудаа 2024 оны Тогтвортой хөгжлийн тайландаа тусгалаа.
Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн 2024 оны онцлох үзүүлэлтүүд:
- Тайлант онд нийт ₮390 тэрбумын тогтвортой, ногоон санхүүжилтийг олгож, ногоон зээлийн багцаар дамжуулан нийт 4,700 гаруй ажлын байр, 99 тэрбум төгрөгийн нэмүү өртгийг бий болгов.
- Хүлэмжийн хийн протокол болон Нүүрстөрөгчийн нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн түншлэл (PCAF) аргачлалын дагуу банкны өөрийн үйл ажиллагаа болон санхүүжүүлсэн хүлэмжийн хийн ялгарлыг хамрах хүрээ 1,2,3-ын хүрээнд тооцоолж (нийт 1.8сая тнCO2e), дотоод аудитын газраас баталгаажуулалт авав.
- Өөрийн үйл ажиллагааны хүлэмжийн хийн ялгарлыг 2023 оноос 56%-иар буурууллаа. Мөн өөрийн үйл ажиллагаа болон санхүүжилтээр дамжуулан, ялгаруулж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 онд 30%-иар 2050 онд 50%-иар бууруулах зорилт тавин ажиллаж байна.
- Голомт банк 2024 оны Тогтвортой санхүүжилтийн шилдэг банк, Тэрбум мод сангийн шилдэг дэмжигч байгууллагаар шалгарлаа. Түүнчлэн Голомт банкны төв оффисын барилга АНУ-ын ногоон барилгын зөвлөлөөс LEED O+M стандартын “GOLD” түвшний гэрчилгээг хүртэв.
- Харилцагч болон ажилтнуудад тогтвортой, ногоон санхүүжилтийн сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулж (21 ААН, 386 борлуулалтын менежер) ногоон эдийн засагт шилжих санаачилгуудыг дэмжсээр байна.
Бид Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлтад бодит хувь нэмэр оруулж, банкны стратеги, зорилго зорилтуудаа НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтууд болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (НҮББОХ), Санхүүгийн санаачилга-Хариуцлагатай Банкны Зарчмууд зэрэг олон улсын стандартуудтай уялдуулан ажиллаж байна.
Та бүхэн 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлантай энд дарж танилцана уу.