Голомт банкны харилцагч танд зориулсан хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах зөвлөмжийг хүргэж байна.
Хүний хувийн мэдээлэл гэж юу вэ?
Хувийн мэдээлэл гэдэг нь хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжийг олгодог өргөн цар хүрээтэй мэдээллийн нийлэмж юм. Үүнд:
- Овог, нэр;
- Төрсөн он, сар, өдөр;
- Регистрийн дугаар;
- Иргэншил;
- Хурууны хээ;
- Оршин суугаа газрын хаяг;
- Утасны дугаар;
- Дансны болон картын мэдээлэл;
- И-мэйл хаяг гэх мэт шууд болон шууд бусаар тодорхойлж болох мэдээллүүдийг багтаана.
Хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах зөвлөмж
- Хувийн мэдээллээ олон нийтийн сүлжээнд сэтгэгдэл, нийтлэл байдлаар бичихээс зайлсхийх;
- И-мэйл болон мессежээр ирсэн сэжигтэй холбоос \линк\ дээр дарахгүй байх;
- Хувийн болон санхүүгийн мэдээлэл агуулсан цахим хуудас \вэбсайт\, аппликэйшнүүд дээр үргэлж хүчтэй нууц үг (Qwe@123456*) ашиглах;
- Нэвтрэх нэр, нууц үг болон нэг удаагийн OTP кодыг бусдад дамжуулахгүй байх;
- Интернэт банк руугаа нэвтрэхдээ MFA буюу давхар баталгаажуулалт хийх шаардлагатай.
Мөн банк хэзээ ч харилцагчаасаа хувийн нууцлалтай мэдээлэл буюу интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг оруулах, гүйлгээний баталгаажуулах код шаардсан хүсэлт илгээдэггүй.
Банк таны хувийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?
Банк нь харилцагч таны мэдээллийг Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн хадгалж, хамгаалах, зөвшөөрөлгүйгээр аливаа этгээдэд задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг чанд сахин ажилладаг. Түүнчлэн харилцагчийн мэдээллийг зөвхөн шаардлагатай тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд зохицуулагч байгууллага болон эрх бүхий хууль, хяналтын байгууллагад гаргаж өгөх үүрэг хүлээсэн байдаг.
Банк харилцагч танд санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэхдээ мэдээллийн аюулгүй байдлын дараах арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангах дотоод дүрэм, журмыг боловсруулж, үйл ажиллагаандаа мөрддөг.
- Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах мэргэжлийн сертификаттай баг хамт олныг бүрдүүлдэг.
- Харилцагчийн хувийн, нууцлалтай холбоотой эмзэг мэдээллийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандарт (ISO27001, ISO27701, SWIFT CSP, GDPR, PCI-DSS, PCI-3DS) шаардлагын дагуу хамгаалдаг.
- Харилцагчийн интернэт банкаар хийгдэж буй гүйлгээ болон цахимаар авч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг аюулгүй бөгөөд саадгүй хүргэхийн тулд харилцагчийг танин баталгаажуулах арга хэрэгслийг ашиглан харилцагчийн санхүүгийн болон хувийн мэдээллийг хамгаалан ажилладаг;
Мөн “Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай” хуульд харилцагч та хувийн нууцлалтай болон өөрт хамааралтай эмзэг мэдээллийг бусдад дамжуулах, цуглуулахыг зөвшөөрөх эсвэл татгалзах, алдаатай мэдээллийг залруулах, шаардлагатай тохиолдолд устгуулах, хувийн мэдээллийн үнэн зөв байдлыг хангах зэрэг эрх үүргийг хүлээдэг. Иймд харилцагч та банканд бүртгэлтэй хувийн мэдээллээ хянан баталгаажуулж, өөрчлөлт орсон тохиолдол бүрд мэдээллээ шинэчилж байгаарай.
Таны хувийн мэдээлэл – Таны өмч