Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ивээл Дор “Монгол улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2024 арга хэмжээнд Голомт банкны удирдлагууд оролцон тогтвортой санхүүжилт, нөлөөллийн хөрөнгө оруулалтын боломжууд, хөрөнгө оруулагчдын шаардлагын талаар өөрсдийн туршлагаа хуваалцлаа.
Тодруулбал Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар “Ногоон санхүүгийн урсгалыг бэхжүүлэхэд хамтран ажиллах боломжууд” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд тэрээр “Харилцагч түншүүддээ хөрөнгө оруулагчдын шаардлагыг ойлгуулах, харилцагч нараа сургах, сургалт мэдээлэл олгох дээр анхааран ажиллаж буйг онцоллоо. Мөн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг зээлийн судалгааны үе шат болон эргэн хяналтын үе шатуудад хийж байгаль орчин, нийгэм, засаглалын үзүүлэлтүүдийг чухалд авч үздэг талаар хуваалцав.
Харин Тогтвортой санхүүжилтийн форумын сүүлийн өдөр “Тогтвортой, ногоон хөгжилд нөлөөллийн санхүүжилтийн боломжуудыг нээх нь” сэдэвт хэлэлцүүлэгт Голомт банкны Олон улсын банкны газрын захирал Б.Энхзаяа оролцон “Голомт банк нь үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн тогтвортой хөгжлийн зорилгуудад хувь нэмрээ оруулан хариуцлагатай бизнес эрхлэхийн сацуу өөрсдийн бизнесийн багц дахь хүлэмжийн хий ихээр ялгаруулагч салбаруудыг тодорхойлон тус салбаруудын хүлэмжийн хийг бууруулах төслүүдэд голчлон анхаарч, эдийн засгийн ногоон шилжилтийг бий болгохоор ажиллаж буйг тодотгов. ”
Үүнтэй зэрэгцэн “Хүнсний үйлдвэрлэл эрхэлж буй жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийг байгаль орчин, нийгэм, засаглалын хувьд сайжруулах, бэхжүүлэхэд чиглэсэн шилжилтийн санхүүжилт олгох бүрэн боломжтой” талаар “Тогтвортой бизнесийн санхүүжилт ба бодлогын дэмжлэг” сэдэвт хэлэлцүүлэгт Голомт банкны Тогтвортой санхүүгийн хэлтсийн захирал Б.Анужин дурдаж, санхүүжилтийн боломжуудын талаар хуваалцлаа.
Сайн сайхныг санхүүжүүлнэ